|
Уран зохиол -
Яруу найраг
|
|
Зохиогч Б.Ринчен
|
|
1 дэх өдөр, 19-10-2009 06:12 |
 Уудам сайхан манай нутгийн Уул талаар өнгийн цэцэг олон Онц л түүний дундаас бэр цэцэг Олны сэтгэлд хайртай сайхан Өрлүүд овгийн өндөр настнаас Өндөр эртний домог сонсвол Эрт дээр цагт юм гэнэ лээ...
Эзэн Чингэсийн үед юм гэнэ лээ Дайн хөлт ихтийн цагт юм гэнэ лээ Дайч Чингэсийн үед юм гэнэ лээ. Сартуул түмэнтэй эвдрэлцээд Сайн муугаа үзэлцэн тулах гэж Арын их хэнгэрэг дэлдэнхэн Ай түмэн цэргээ хөдөлгөж Өврийн их хэнгэрэг дэлдэнхэн Үй түмэн цэргээ хөдөлгөж гэнэ Харийн гүрнийг дайлах гэж Хаандаа нэр өөртөө олз Эрэн хайх гэж дайчин эрс Эрээн майхнаар талыг бүрхээж Харчин, Хорчин, Өрлүүд морьдов Хатгин, Еншөөв, Татар морьдов Хэрээд, Жалайр, Найман морьдов Хээрийн олон аймаг хөдлөв. Сүрт эзний сүрхий цааз дагаж Сүлд болсон догшин тугийн дор Ган сахилгаар гагнагдаж Ганц хүн шиг дуулбартай морьдоход Үүрд бат журмыг сахина гэж Үнэн голынхоо үгийг хэлэлцэж Халуун янаг хоёр залуус Хагцалдан салсан юм гэнэ лээ. Нутаг голомтоо сахиач нь Нуган үрээ морьдуулаач нь Ах дүүгээ хүлээгээ ч нь Амраг хайртнаа хүсээч нь Сарын олныг саатан хүлээж Өдрийн олныг өнжин хүлээж Алсын мэдээ чимээ сураглан Аян дайны чимээ дуулбал Дайны хатуу замыг замнаж Дайлаар морьдсон түмэн цэрэг Самуун олны шалтаг болсон Сартуул гүрнийг байлдан дагуулж Жад мэсийн эзэн болсон Жалалдын Султаныг зайлуулж Хүчирхэг эзэрхэг ноёд Хүний цусанд ханаад Хүлгийн жолоог нутгийн зүг залаад Хүний харийн газраас айсуй гэнээ. Янагаа угтах гэж өнөөх бэр Ялсан цэргийг тосов гэнэ Өдрийн газраас цувсан Үй түмэн цэргийг ширтэж Өглөөний мандах нарнаас Үдшийн шингэх нар хүртэл Замын овоон дээр зогсов гэнэ Залуу хөгшин дайчин цуван Хөвчин бие нь ширмээр ширэгдсэн Шөвгөөр хатгах чөлөөгүй Хамаг бие нь төмрөөр давтсан Тэвэн хатхах чөлөөгүй Элгэндээ сөстөн Эрхийдээ ончтон Уушиг дүүрэн зүрхтэн Ам дүүрэн ууртан Эр дайчин гавъяатай Эзэн Чингэсийн торгон цэрэг Эрэлхэг баатар хишигтэн Сүлд болсон тугаан дэлгэж Сүрт жагсаалаар өнгөрөв Олзонд ханасан омогт цэрэг Отог отгоор цуван өнгөрөхөд Алаг нүдээ чилтэл ширтээд Амрагийн бараа эс үзэгдэв. Гайхан ядахдаа хөөрхий хүүхэн Газрын холоос туулган цувсан Бум түмэн сартуулыг Бухаар тахаар олныг Гар хөл гав тушаатай Гаслан болсон олныг Гайд гарсан олзныхныг Гайгүй нягтлан үзэв гэнэ Сарын олныг санан хүсэж Өдрийн олныг мөрөөдөн гуньж Онцлон хүссэн амрагаа Олны дотроос олсонгүй. Алтан нарны шингэж байгаа зүг Андгай тангарагаа тавин очиж Ариунаар шингэж байгаа алтан нар минь Амрагийг минь харахыг яалаадаа Хараацай болон нисдэг ч болоосой би Харийн хүйтэн газар өнчрөн хаягдсан Хайртынхаа ясан дээр хүрч очихсон Хүний газрын хүйтэн хар тоосыг нь Жигүүрээрээ арчин дэвэхсэн Жиргэн жиргэн донгодоход минь Дуулаад босохсон билүү хонгор минь Сэрүүнээ сэвшин дэвэх хонгор салхи минь Сэтгэлийн минь янгыг харахыг ч яалаадаа Хүүрзгэнэ болон нисдэг ч болоосой би Хүний газар хаягдсан хөөрхийгөө Хүсэл сэтгэлийн хүчээр олохсон би Халуун нулимсаараа хайртынхаа шархыг Угаан гашуудаж уйлан донгодохсон Уяраад ч сэрэхсэн билүүдээ хонгор минь Хөх мөнх тэнгэр Өндөр эцэг минь Хөрст этүгэн дэлхий Өргөн эх минь Нарт сайхан энэ ертөнцөд Над шиг зовлонтой амьтан Үеийн үед бүү гараасай Халуун амраг сэтгэлтэн Хагацан салахыг бүү үзээсэй Дайн гэдэг муу үгийг үеийн үед Даян дэлхийн түмэн улс мартаасай гэж Тэнгэр газар алтан нарны зүг Тэсгэлгүй гашуудан дуудаж Уярсан хонгор сэтгэлийнхээ Уянгат сайхан ерөөл дэвшүүлж Алаг хоёр нүдний нулимсийг Хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг Хээрийн тэр дов дээр бөмбөрүүлэв гэнэ. Ариун тэр нулимс унасан газар нь Анхилам сайхан цэцэг ургасныг Хөөрхий тэр бэрийн дурсгал болгож Хөгшид “бэр цэцэг” гэж нэрэлсэн гэдэг Халуун сайхан сэтгэлтэн хагацахдаа Харийн хол газар морьдон явахдаа Эртний ариун сэтгэлтэй Эрхим тэр бэрийн ерөөлөөр Амраг бидний биес Алтан нарны гэрэлд Энх сайхан жаргал эдэлж Энэ насны эцэс болтол Салахын зовлон үзэлгүй Саарын нэр сонсолгүй Сайн сайхан яваасай гэж Билэгт сайхан үгээн хэлэлцэж Бэр цэцэг бие биедээ барьдаг Эртний дээд өвгөдөөс уламжилсан Эрхэм сайхан заншил нэгэн бий.
|